Халхгол сум Khalkhgol soum

khalkhgol.png
Dornod, Mongolia
Unnamed Road Khalkhgol Dornod MN

Одоогийн Халхгол сум нь 1689 онд Сөнөдийн нутаг Ар элстэйд болсон Халхын ноёдын чуулганаар Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу болон Илдэн Вангийн хошуу анх байгуулагдсанаар үүсчээ.

      Энэ хошууг Н.Пунцаг, П.Чойжав, Ч.Дэмчиг, Д.Цэвээндорж, Ц.Санзайдорж, С.Бат-Очир, Б.Тогтохтөр, Т.Маньбазар, М.Доржпалам нар 1689-1922 он хүртэл угсаа залгамжлан захирч байсан ба 1922-1924 онуудад Д.Жамъянчойжилсүрэн түр захирч байгаад 1924 онд уг хошууг Хан хэнтий уулын аймгийн Халхголын хошуу болгон өөрчилж Буйр нуур, Эрдэнэ мандал, Түмэн-Өлзийт, Халхгол, Цагаан уул, Хунт, Ташгай зэрэг 6 сумтайгаар байгуулжээ.

             Хошууны өмнөд хэсэгт байсан Хан Чандмань уулын хошуу, Халхголын зүүн өмнө байсан буриад хошууг 1929 онд татан буулгаж Баян-Өлзийт, Сүмбэр могойт,  Халх Нөмрөг сумдыг Буйр суманд нийлүүлэн нийт 7 сумтай болгожээ. 1931 онд Дорнод аймаг байгуулагдахад Халхголын хошууг татан буулгаж Буйр нуур, Хунт гэсэн хоёр сум болгосон ба 1954  онд хоёр сумыг нэгтгэн Халхгол сум болгожээ.

          Одоогийн Халхгол сум нь 1994 онд Халхгол, Сүмбэр сум нэгдсэнээр Илдэн Вангийн хошууны 325 жилийн түүхийг өгүүлнэ.

         Халхгол сум нь өнөөдөр 2809000 га нутаг дэвсгэртэй, засаг захиргааны 3 багтай, баруун талаараа Матад сумтай, хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа БНХАУ-ын Хянган, өмнөд талаараа БНХАУ-ын Шилийн гол аймгуудтай хиллэдэг ба тус  суманд Халх, Буриад, Өөлд, Дүрвэд, Казак, Барга, Торгууд, Цахар, дархад  зэрэг олон ястан, үндэстний 123 овог амьдардаг.

        Газар нутгийн байршлын хувьд тал, хангай, говь хосолсон өвөрмөц газар зүйн байршилтай, Соёлз, Хан Чандмань, Цогтсүмбэр, Хулд, Вангийн цагаан уул зэрэг уулс, Халхгол, Нөмрөг, Дэгээ, Боль, Бүр, Алтангол зэрэг голууд, Буйр, Хунт, Ташгай, Баянбүрд зэрэг нууруудтай.

          Халхголын сав газарт хандгай, буга, гахай, чоно, цагаан зээр, үнэг, мануул, зэрэг араатан амьтад, Цагаан цээнэ, Тайжийн жинс, Алтан гагнуур зэрэг ховор ургамал, хус, нарс, улиас, бургас, монос зэрэг ойн мод, үрэл, мойл, улаалзгана, чацаргана зэрэг амтат жимс, Тул, Зэвэг, Цурхай, Цулбуурт зэрэг загас, Хиаг, Ерхөг, Хазаар өвс, Бутуул зэрэг өвс ургамал  ургадаг баялаг нутаг юм.

         Халхголын газар газрын хэвлийд алт, мөнгө, нүүрс, нефть, холимог металын олон орд газар байгаагаас гадна Монгол улсын хадлан тэжээлд тохиромжтой талбайн 23 хувь, газар тариаланд тохиромжтой талбайн 22 хувь байдаг ба махны хэвшлийн мухар улаан үхрээр алдартай билээ.

            Өнөөдөр Халхгол сум 40000 мянган га эргэлтийн талбайтай, 25000 га-д үр тариа, эмийн ургамал, төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, 200 бүл зөгийнөөс жилдээ 4 тн экологийн цэвэр бүтээгдэхүүн зөгийн бал хураан авч байна.

            Халхгол суманд Нөмрөг,  Дорнод Монголын дархан цаазат газрууд байдаг ба эзэн Чингис хааны  Хуйлдар баатрын шарил, То-Вангийн үүсгэн байгуулсан Жигважиджав Жанрайсаг бурхан, То-Вангийн Өвлийн орд, Утай уул, Халхголын байлдааны түүх дурсгалын олон газрууд байдаг.

             Эзэн Чингис хааны Их хатан Бөртэ, Богд Хаант Монгол улсын Хошой баатар Өлзийн Чулуун, Ардын хувьсгалын партизан А.Ерөөлт, Г.Баянбилэг, О.Өлзийт нарын 34 партизан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Балдан, М.Дамдинсүрэн,  Ардын засгийн анхны элчин сайд Ж.Даваа, элчин сайд Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Монголын анхны хувьсгалчдын нэг  Жигмэддорж, Гавьяат багш Жүрмэд, Гавьяат  зоотехникч Д.Лхагвасүрэн, Улсын 4 удаагийн аварга С.Баатар ахлагчтай хадлангийн механикжсан салаа, Улсын ургацын аварга Э.Чүлтэм, Д.Жамъянсүрэн, Д.Вашка, О.Бямбаа,  С.Адъяа, Д.Мягмар, С.Лина, Б.Чимэддорж, С.Түмээ,  С.Мягмар, улсын залуу аварга Д.Зоригтбаатар, Л.Энхболд,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Боролдой, Ц.Чимиддорж, Гавьяат хуульч Б.Цэрэндорж,  Хөдөлмөрийн баатар О.Цэвэлдорж, Л.Алтангэрэл, Т.Лувсанбалдан, Р.Пүрвээ, Улсын Арслан Б.Өлзийсайхан, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Жаргал, Улсын Заан А.Ерөөлт, Улсын Начин Ж.Гансүх, Улсын Алдарт уяач Б.Сүхсайхан нарын алдартангууд Халхгол нутгаас төрөн гарсан

khalkhgol.png 2 years ago
  • You must to post comments
Нийт 1