Хүүхдийн овоо

IMG_5983.JPG
IMG_5983.JPG
IMG_5966.JPG
IMG_5972.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia
Unnamed Road Khalkhgol Dornod MN

Халхын голын баруун талын нарлаг энгэрийн энгээр хоёр гектар илүү талбай эзлэн налайх их шүтээний хөлөөр угалзлан урсах ус ихт мөрний эрэгт То ван судлалын түүхэнд холбогдох “Хүүхдийн овоо” хэмээн нэрлэгдэх нэгэн онцгой газар бий. Эндээс Их бурханыг өглөөний мандаж буй нарнаар харахад үнэхээрийн гайхамшигтай. Нэг талаас ертөнцийн гэрэлт наран мандаж, нөгөө талаас найман аюулаас аврагч өрөвч нигүүсэнгүй Жигважиджав бурхан ивээн хайрлах мэт ариун сайхан сэтгэгдэл төрнө.
Өтлөж өвгөрөхийн цагт өвс ургамал хүртэл өнгө зүсээ хувирган, өөрчлөгдөх аж. Үүний нэгэн адил байгаль дэлхий газар орны нэр ус, өнгө төрх бас хувирдаг байна. Эдүгээ бидний “Хүүхдийн овоо” хэмээн нэрийдэж буй 17 суваргын туурь бүхий То вангийн сургалт үйлдвэрлэлийн нэгэн төв байсан газрын нэрийг Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ахмад дипломатич, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хүндэт доктор Баярын Жаргалсайхан агсан надад ярихдаа ч, ном зохиолдоо ч энэ газрыг урьд нь “Толгойтын овоо” гэдэг байсан гэж дурссан, тэмдэглэсэн нь бий.
Тэрбээр газар орны нэрийг, тэр тусмаа хил хязгаарын газар усны нэрийг өөрчлөхгүй байхын ач холбогдлыг чухалчлан захиж байсан нь ахмад үеийнхний маань нэгэн гэрээслэл болон үлджээ. 1915 оны цагаан сараар Шанааны цагаан овоонд төрсөн Б. Жаргалсайхан хүү Их бурханы хөлд орших Хүүхдийн (Толгойтын) овооноо өргөөтэй дайчин ван Жамъяанчойжилсүрэнг гэрийн сургууль байгуулж, ойр орчны айлын хүүхдэд ном зааж эхлэхэд  шавь  нь болжээ. Тиймээс 1920-иод оны үед Их бурхан ямар дүртэй байсан хийгээд Хүүхдийн овоог сайтар мэдэх хүний хувьд надад хуучлан ярьж байсан зүйл нь миний дүрс бичлэгийн хальснаа дурдатгал болон үлджээ.
Түүний “Олон жилийн хууч” номондоо тэмдэглэн үлдээснээр “Манайх Толгойтын овооноос хэдхэн зуун метр зайтай байсан болохоор тэр газрыг би сайн мэдэх юм. Тэнд их бага есөн бунхан байсан бөгөөд гол бунхан нь өндрөөрөө лав 5-6 метр хүрэх болов уу. Эдгээр бунхан буддагийн суваргатай адил шат довжоо байхгүй, орой нь шовх биш, бөмбөгөр байсан болно. Одоо бол Хэрлэн бар хотын цамхагтай л тун төстэй байсан шиг санагдах юм. Толгойг тойрсон усан татлагын адаг нь хар усан тохойд цутгах бөгөөд энд Түмэн-Өлзийт хэмээх том чулуун булш цухуйж харагдана. Хүмүүс тэр булшин дор түмэн хуцны ноос бий гэж ярьцгаана. 1920-иод оны дундуур энэ гайхамшигтай гоёмсог цогцолбор, ялангуяа түүний гол бунхан нэлээд танагтай хэвээр, гүүр нь бүтэн, суваг нь устай байж билээ. Сүүлд очиход бүгд нурсан байв” гэжээ.
Хүүхдийн овооны цогцолборыг 1859-1864 онд Их бурханыг бүтээхээс өмнөх үеийн ч болов уу гэж зарим эрдэмтэн судлаачид үздэг. Нэг үе бид үүх түүхээ хуучны хоцрогдсон зүйл мэтээр үзэж, ахмад буурлуудынхаа оюун ухааны их өв сангаас олон зүйлийг авч үлдээгүйтэй холбоотой болно.
Эдүгээ Хүүхдийн овооны туурин дээр очиход То вангийн 1864 онд байгуулсан хошуу тэнхим (төрийн сургууль)-ийн сүүлч үеийн бичиг үсгийн сургууль байсан төдийгүй, хар будаа тарьж, чангаамал будаа, гурил үйлдвэрлэж байсны ул мөр болон үлдсэн тээрмийн дөрвөн том чулуу байна. Энэ нь Халхын голын усны урсгалын хүчийг ашиглан хийсэн, тухайн үедээ монгол инженерийн сэтгэлгээгээр бүтээсэн томоохон барилга байгууламжийн нэг  байсныг илтгэнэ.
Толгойтын овоонд бичиг үсгийн сургуулиас гадна дэгийн найман багачуудыг бэлтгэх сургууль ч байсан гэж нутгийн ахмад буурлууд дурсдаг. Түүнийг тойруулан татсан суваг, суваг дээгүүр тавьсан чулуун гүүрийн туурь одоо үлджээ.
Сувгийн баруун хэсгийн хайргатай шорооноос То ван Их бурханыг Халхын голд шилжүүлэн байгуулахдаа авч ашиглаж байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрнө.
Тээрмийн чулууг зүйж хийснийг үзэхэд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх талаар ч Тогтохтөр ноён олон шинэ зүйлийг хийж байсныг гэрчилнэ. Хүүхдийн овооны зүүхэн талд багаахан хэмжээний усалгаатай тариалангийн талбай байсан бололтой юм.
Үүнээс үзэхэд энд усалгаатай тариалан эрхэлж, тариа будаагаа тээрэмдэн гурил үйлдвэрлэн, элс хайрга олборлон хиймэл чулуу үйлдвэрлэн, орд харш барьж байсны зэрэгцээ сургууль соёлын газар ажиллуулж байсан байна. Үүнээс үзэхүл сургалт үйлдвэр урлагийн үйлийг хослуулан эрхэлдэг нэг ёсондоо соёлын төв байгуулж байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.
Эндээс бид Халх гол нутгийн ахмад бөх Батын Алтангэрэлийн хэлснээр “Тэмцэж явахад хилийн харуул, тэнүүн явахад шүтээн болсон” – “Хөх өндөр”-ийн овоогоор орж Халхгол сумын хоёрдугаар багийн төв  байрлах “Дархан сөөг”-ийг зорив.

Photo Sphere үзэх

IMG_5983.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_5966.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_5972.JPG 2 years ago
  • You must to post comments
Нийт 3